← Бүх нийтлэл

Хөрөнгө оруулалтын сан юугаараа өөр вэ?

Хөрөнгө оруулахын тулд хэрэгсэл бүрийг өөрөө судалж, сонгож, өдөр бүр хянах шаардлагатай юу? Сан энэ ажлыг хамтын хөрөнгө, мэргэжлийн удирдлагаар шийдэх боломж олгодог.

Санхүү сонирхогч, бизнес эрхлэгчдэд · Товч тайлбар

Хөрөнгөө нэгтгэж, хамтдаа хөрөнгө оруулах нь

Хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулагчдын мөнгийг нэгтгэж, тодорхой бодлогын дагуу хөрөнгө оруулалт хийх бүтэц юм. Сангийн зорилго нь тэр хөрөнгийг удирдан, хөрөнгө оруулагчдад өгөөж бий болгох.

Сангийн багцад бонд, хувьцаа болон бусад хөрөнгө байж болно. Хөрөнгө оруулагч бүрийн оролцоог нэгж эрх гэрчилнэ. Нэгж эрх нь сангийн хөрөнгийн өмчлөлд оролцох эрх болохоос багцын тодорхой нэг хөрөнгийг дангаараа эзэмших эрх биш.

Сангийн хөрөнгө түүнийг удирддаг компанийн өөрийн хөрөнгөөс тусдаа байна. Хөрөнгө оруулалтын менежментийн компани (ХОМК) нь гэрээ, бодлогын хүрээнд хөрөнгийг удирдах үйлчилгээ үзүүлдэг.

Өмчлөл. Хамтын боломж. Мэргэжлийн удирдлага.

01

Багцын өмчлөлд оролцох

Сан хөрөнгө оруулалтын багцаа эзэмшинэ. Та нэгж эрхээрээ тэр хөрөнгийн өмчлөлд оролцож, хөрөнгө оруулалтын үр дүнг хүртэнэ.

02

Хамтдаа илүү өргөн боломж

Хөрөнгөө нэгтгэснээр дангаар бүрдүүлэхэд хүндрэлтэй багц, хөрөнгө оруулалтын боломжид хүрч болно. Сангийн бодлогоос хамааран олон хөрөнгөд хуваарилах боломжтой.

03

Мэргэжлийн удирдлага

Хөрөнгө судлах, сонгох, төлбөр болон эрсдэлийг хянах ажлыг мэргэжлийн баг хариуцна. Та зорилгодоо нийцсэн санг сонгож, үр дүнг нь хянана.

Хөрөнгийг удирдах, хадгалах, хянах үүрэг тусдаа.

МИДАС ӨӨБ-ын ХОС-д хөрөнгө байршуулахад мөнгө сангийн кастодиан банк дахь дансанд орно. Энэ нь ХОМК-ийн үйл ажиллагаандаа чөлөөтэй ашиглах мөнгө болохгүй. ХОМК хөрөнгө оруулалтыг удирдаж, банк хадгалалт, бүртгэл болон зарцуулалтын хяналтыг хэрэгжүүлнэ.

Сан · Хөрөнгийн эзэмшигч
Хөрөнгө оруулалтын багц сангийн хөрөнгө болно. Хөрөнгө оруулагчид нэгж эрхээрээ түүний өмчлөлд оролцоно. Сангийн хөрөнгийг ХОМК-ийн өөрийн хөрөнгөөс тусгаарлана.
ХОМК · Хөрөнгийн удирдлага
Тусгай зөвшөөрөлтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөнгийг судалж, сонгон, сангийн бодлого ба гэрээний хүрээнд удирдаж, тайлагнана.
Кастодиан банк · Хадгалалт ба хяналт
Кастодианы үйлчилгээ үзүүлэх эрхтэй банк сангийн хөрөнгийг хадгалж, нэгж эрх болон хөрөнгийн бүртгэлийг хөтөлнө. ХОМК-ийн хөрөнгө зарцуулалтад хөндлөнгийн хяналт тавьж, илрүүлсэн зөрчлийг СЗХ-д мэдэгдэнэ.
СЗХ · Зохицуулалт ба хяналт
Санхүүгийн зохицуулах хороо нь хуульд заасан бүртгэл, тусгай зөвшөөрөл, тайлагналын шаардлагыг хэрэгжүүлж, сан болон түүнд үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавина.

Ингэснээр хөрөнгийн өмчлөл, хөдөлгөөн, хөрөнгө оруулалтын үр дүнг тусдаа бүртгэл, тайлан болон хөндлөнгийн хяналтаар хянах боломж бүрдэнэ. Кастодиан банк хөрөнгийг хадгалж, хянадаг боловч хөрөнгө оруулалтын өгөөж, эргэн төлөлтийг батлан даагч биш.

Нэг бүтэц, өөр өөр зорилго

Зарим сан урт хугацааны хөрөнгийн өсөлт, зарим нь тогтмол орлого, зарим нь мөнгөн хөрөнгийн байршуулалтад чиглэдэг. Ямар хөрөнгөд хөрөнгө оруулж байгаагаас өгөөж, эрсдэл, хөрөнгөө буцаан авах боломж нь хамаарна.

Тиймээс сан сонгохдоо мөнгөө хэзээ хэрэглэх, ямар эрсдэл хүлээх, зардлын дараа ямар үр дүн хүлээж байгаагаа тодорхойлно. Мэргэжлийн удирдлага нь өгөөжийг баталгаажуулахгүй; хөрөнгийн үнэ буурах, төлбөр саатах эрсдэл бий.

Байгууллагын мөнгөн хөрөнгөд энэ боломжийг хэрхэн ашиглах вэ?

МИДАС Өндөр өгөөжтэй бондын хувийн ХОС нь бондын хөрөнгө оруулалтыг мэргэжлийн удирдлагаар хэрэгжүүлдэг хувийн сан. Байгууллагын мөнгө тодорхой хугацаанд байршиж байгаа бол энэ сангийн нөхцөл таны хэрэгцээнд нийцэх эсэхийг судалж болно.

МИДАС ӨӨБ-ын ХОС-той танилцах

Сангийн бүтэц, эрсдэл, байршуулалт болон буцаан авах нөхцөл.

Мөнгөн хөрөнгийн удирдлагын аргачлалыг унших

Эх сурвалж

Бэлтгэсэн: МИДАС ХОМК · 2026 оны 10 дугаар сарын 8. Ерөнхий боловсролын материал; хөрөнгө оруулалтын хувийн зөвлөгөө, нэгж эрх худалдан авах санал биш. МИДАС ӨӨБ-ын ХОС нь МИДАС ХОМК-ийн удирддаг хувийн сан бөгөөд оролцогчид тавих шаардлага үйлчилнэ.